Мэдээлэл

  • 2021-05-05
  • News
  • pudnaa

ИННОВАЦИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨРИЙН “ИННОВАТОН” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

ИННОВАЦИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨРИЙН

“ИННОВАТОН” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

 Нийгэмд хамгийн их тулгамдсан асуудлуудыг технологи, инновациар хэрхэн шийдэж болох вэ?

Өнөөдөр дэлхий нийтээрээ уламжлалт бус, бүтээлч шинэлэг аргаар олон арван жил тулгамдаж ирсэн асуудлуудыг амжилттай шийдэж, хүн амын амьдралын чанарыг эрс дээшлүүлж байна. Энэхүү олон улсын жишгээр Монголд хэрэгжиж буй нэг санаачлага нь Инновацийг дэмжих хөтөлбөр юм. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын захиалгаар Дэлхийн банкны санхүүгийн дэмжлэгтэй “Ухаалаг засаг” төслийн Инновацийг Дэмжих Хөтөлбөрийг “Стартап Монгол” Төрийн бус байгууллага хэрэгжүүлж эхлээд байна.

Тус хөтөлбөрийн хүрээнд нийгэмд тулгамдсан асуудлуудыг технологийн инноваци буюу програм хангамж, аппликейшн хөгжүүлж, шинэлэг, бүтээлч, үр дүнтэй аргаар шийдэх дэд төслүүдийг хүлээн авч шалгаруулан санхүүжүүлэх ба эхний ээлжинд 120 гаруй дэд төслийн санал хүлээж авсанаас 40 дэд төслийг шигшиж аваад байна. Энэхүү шигшигдсэн 40 баг 2021 оны 4 дүгээр сарын 30-аас 5 дугаар сарын 2-нд зохион байгуулагдаж буй Инновацийн марафон буюу “Инноватон” арга хэмжээндээ амжилттай оролцлоо. Эндээс 15+ баг урьдчилсан байдлаар шалгарч, Захиалагч тал болох ЗГХЭГ, Дэлхийн банкаар баталгаажуулснаар 90 хүрэлтх сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг авах эрхээ авах юм.

“Хөтөлбөрийн хүрээнд нийгэмд тулгамдаж буй асуудлыг  мэдээллийн технологид тулгуурласан шинэлэг шийдлүүдийг дэмжих замаар төрийн үйлчилгээг сайжруулах төдийгүй стартап гарааны бизнесүүдийн нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлчилгээг дотоодын болон олон улсын зах зээлд гарахад нь Засгийн газрын зүгээс бүхий л талаар дэмжиж ажиллана” хэмээн Монгол Улсын засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Цахим бодлого, мэдээллийн технологийн газрын дарга Ж.Тамир уг арга хэмжээний нээлт дээр хэлэв. 

“Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт стартапуудыг дэмжин эдийн засгаа тэлэх бодлого баримтлаж байгаа болохоор иргэдийн эрэлт хэрэгцээ, шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлнэ гэдэгт итгэж байна” гэж Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Харилцаа Холбоо, Мэдээллийн Технологийн Газрын дарга Б.Болор-Эрдэнэ нээлтийн үгэндээ тэмдэглэв. 

“Боловсрол шинжлэх ухааны яамны зүгээс инноваци, шинжлэх ухаан, технологийн салбарт олон арван ажлыг хийж, дэмжиж ирсэн. Үүний нэг нь Инновацийг дэмжих хөтөлбөр юм. Энэ хөтөлбөр нь гарааны бизнесийн салбарын олон арван залууст боломж олгохоос гадна гарааны бизнесийн олон улсад шалгарсан жишиг загварыг нутагшуулж чадсан нь томоохон боломж гэж харж байна” гэж БШУЯ-ны Инноваци, технологийн газрын дарга Д.Одгэрэл хэллээ.

“Инновацийг дэмжих хөтөлбөр нь гарааны бизнесийн экосистемийг хөгжүүлэхэд тодорхой хувь нэмрээ оруулна гэдэг хүлээлт байгаа” гэж “Ухаалаг засаг” Төслийн Зохицуулагч Ч.Нургул нар үг хэлж арга хэмжээг эхлүүллээ. 

Шалгарсан 40 багт зориулан олон улсад шалгарсан арга аргачлал, гарааны бизнесийн сургалтыг явуулж, салбар бүрийн менторуудыг урьж төслөө сайжруулах боломжоор хангаж байна. “Инноватон”-ы эхний өдөр ХХМТГ-ын Газрын дарга З.Гантогоо, АНУ-ын Techstars компанийн Экосистем хөгжүүлэлтийн албаны Ахлах захирал Д.Бат-Октябръ нар сургагч багшаар уригдан оролцож, инноваци, гарааны бизнесийн үнэ цэнийн нотолгоо, дэвшилтэт гарааны бизнесийн хавтан зэрэг сургалтуудыг явууллаа. “Инноватон”-ны хоёр дах өдөр буюу 5 дугаар сарын 1-ний өдөр Callpro ХХК-ын үүсгэн байгуулагч Б.Идэр-Од, Стартап Монгол ТББ-ын үүсгэн байгуулагч З.Билэгбаатар нар гарааны бизнесийн найраа хийх сургалтыг хийхээс гадна технологи, бизнес, нийгмийн салбарын менторууд багуудад зөвлөгөө өгч ажилласан.

“Инноватон”-ны гурав дах өдөр 40 баг танилцуулгаа хийж, Инновацийг дэмжих хөтөлбөрийн Үнэлгээний хорооны шүүгчид батлагдсан зааварт тусгагдсан шалгуураар  шүүгчдийн оноо 80%, олон нийтийн нээлттэй санал асуулгын оноо 20%-иар тус тус  үнэлж, урьдчилсан байдлаар 16+3 багийг шалгарууллаа.

Тус арга хэмжээний дараа багуудад дэвшилтэт гарааны бизнесийн Lean Startup, Agile Scrum сургалтууд, менторуудын зөвлөгөө зэргийг үе шаттайгаар зохион байгуулах ба багуудын үр дүнг хянаж, ахисан шатны 2 удаагийн шалгаруулалт зохион байгуулан, хөтөлбөрийн хугацаанд бодит ахиц гаргасан багуудыг дэмжиж явна. Хөтөлбөртэй холбоотой мэдээллийг www.innovathon.mn хаяг, “Инновацийг дэмжих хөтөлбөр” болон Startup Mongolia фэйсбүүк хаягуудаар тогтмол авах боломжтой.